МОДУЛЬ 9 ТУНГААН БОДОХ ЧАДВАР УДИРТГАЛ ТУНГААН БОДОХ ЧАДВАР ГЭЖ ЮУ ВЭ? Тунгаан бодох чадвар гэдэг нь тодорхой дарааллын дагуу асуудал дэвшүүлж сайтар эргэцүүлэн бодохыг хэлнэ. Мөн дүгнэлт, итгэл үнэмшилд хүрэхийн тулд үндэслэл болон логикийг бүтээлчээр ашиглахыг хэлж болно. Тунгаан бодох чадварт аливаа мэдээлэл болон итгэл үнэмшилд дүн шинжилгээ хийх, сонсч буй зүйлээ үнэн эсэхийг тогтоох чадвар багтана. Түүнчлэн ертөнцийн олон янзын хэв маяг, өнгө төрх дундаас санаа бодлоо ургуулж түүнийгээ сургамж, туршлагатай холбон үзэх боломж олгодог. Үндэслэл сайтай шинэ онол боловсруулах, мөн бодитой, сайтар томъёологдсон нотолгоо гаргаж ирэхэд тунгаан бодох чадвар нь зайлшгүй шаардагдана. Тунгаан бодох чадвар нь үндэслэл гаргаж, асуулт тавих чадварыг хөгжүүлдэг учраас хүний амьдралын бүхий л хүрээний мэдээлэл түүнд хамаардаг. Чухал шийдвэр гаргахын тулд ямар сонголт хийхээ эргэцүүлэх юм уу, бусадтай тогтоосон харилцааныхаа талаар бодож байх үед толгойд эргэлдэх зохион байгуулалтгүй бодлуудыг цэгцтэй, төвлөрсөн, дотоод мэтгэлцээний хэлбэрт шилжүүлэх чадвар юм. Энэхүү гарын авлагад орсон сэдэв бүр тэдгээр зохион байгуулалттай тунгаан бодох чадвартай салшгүй холбоотой. ТУНГААН БОДОХ ЧАДВАР ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Хүлээн авч буй бүхий л мэдээлэл, санал зөвлөгөөг эх сурвалжаас нь шалтгаалалгүйгээр үнэлж дүгнэн яагаад ингэж бодож, итгэж байгаагаа тайлбарлах үндэс суурьтай шалтгаан олох боломжийг хүнд олгодог учраас тунгаан бодох чадвар чухал юм. Хүний амьдралын бүхий л хүрээний асуудалд түүний үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь, хэн нэгэнтэй харилцах харилцааных нь талаар өгсөн зөвлөгөөг эргэцүүлж бодохгүй байх нь нэг ажил нөгөөгөөс илүү гэсэн зөвлөгөөний талаар тунгаан бодохгүй байхаас хамаагүй өөр үр дагавартай байх болно. Үүний адилаар, улс төрчийн өгч буй амлалтыг сайтар тунгааж бодохгүй байх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж буй сурталчилгааны талаар тунгааж бодоогүйгээс огт өөр үр дагавартай байх болно. Хэдий тийм боловч тунгаан бодох чадвар эдгээр тохиолдол бүрт логик уялдаатай, бодит туршлагад үндэслэсэн, цэгцтэй зөв шийдвэр гаргах бололцоо олгох тул ач холбогдолтой хэвээр байх болно. Эдгээр шийдвэр нь бодит мэдээллийн шинжтэй мэдэгдэл байх эсэх, хэн нэгний хувийн амьдралд хамаатай эсэхээс үл шалтгаалан тунгаан бодох чадвар нь хүмүүст буруу ташаа мэдээллийг ялгаж салгах, заль мэхээс сэргийлэхэд нь туслах болно. Тунгаан бодох чадвараа хөгжүүлээгүй, бусдын хийх мэдэгдлийн цаана нуугдаж байгаа санаа, жинхэнэ үнэнийг олж харах чадваргүй хүн бусдын заль мэхэнд хууртаж, ашиглуулах магадлал өндөр байдаг. Тийм хүн реклам сурталчилгааны бай болоход хялбар бөгөөд тухайн сурталчилж буй бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй, зайлшгүй чухал гэж итгэхдээ амархан. Учир дутагдалтай шалтгаан, бодитой биш нотолгоог ялгаж салган ойлгодоггүй хүн найз нөхөд, үе тэнгийнхэн болон бусдын нөлөө, ятгалгад автаж эрүүл бус, аюултай нөхцөл байдалд хялбархан орох магадлалтай. Тийм хүмүүс нэр нөлөөтэй хүмүүс, багш нар, хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонссон зүйлдээ эргэлзэлгүй итгэх хандлагатай байдаг ба өөрийн бус олон нийтийн үзэл бодолд захирагдах нь олонтаа. ТУНГААН БОДОХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРАЛЦАГЧДЫН ОНЦЛОГ, ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАРГАЛЗАН ҮЗЭХ ВЭ? Тунгаан бодох чадварыг эзэмшүүлэхийн тулд насны түвшин тус бүрийн онцлогийг харгалзан үзэх нь чухал. Энэ ур чадвар нь ихэвчлэн гаднаас ирэх мэдээ мэдээлэл, интернет, сонин сэтгүүл зэрэг мэдээллийн эх сурвалжтай ажиллах, түүний сайн муу, зөв бурууг тунгаан бодож бодитой, эрсдэлгүй шийдвэр гаргахад чиглэгдсэн байдаг. Тодорхой насны хүмүүсийн тулгамдах асуудал болон тэдний эрхлэх ажил хөдөлмөр, ашиг сонирхол, хэрэгцээ харилцан адилгүй байдаг. Тухайлбал, өсвөр насны хүүхэд мэдээллийг ихэвчлэн найз нөхөд, анги, сургуулийн хамт олноос авч байхад залуучууд хэвлэл мэдээлэл, ном, сонин сэтгүүл, интернет зэрэг эх сурвалжаас авч байна. Харин эцэг эх, насанд хүрэгчид телевиз, радио, интернет болон найз нөхдөөс мэдээллийг авдаг нийтлэг үзэгдэл байна. Чухам үүнтэй уялдуулан энэхүү хичээлийг заах нь илүү үр дүнтэй байх болов уу. БАГШИД ӨГӨХ САНАМЖ: Энэ сэдэв нь нэлээд хүнд, ойлгоход хэцүү бөгөөд хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагатай холбоотой асуудал хөндөх учраас заахад ч бэрхшээлтэй тулгарч болно. Гэсэн хэдий ч амьдрах ухааны чадварт хамаарах гарцаагүй чухал чадварын нэг тул та бүхэн ихэд хичээж тус гарын авлагад буй дасгал даалгаврыг бүрэн хийж гүйцэтгэхийг зөвлөж байна. Зарим дасгал ажил нь хийхэд хялбар биш, нэлээд цаг хугацаа шаардагдах тул цагийн менежментээ сайн хийхийг анхааруулъя. 2 3